Шүүх танхимд гарсан нэг шийдвэр заримдаа бүхэл бүтэн эрин үеийн өнгийг өөрчилдөг. Нэг хүнийг буруутгах мэт харагдавч, цаанаа үг хэлэх эрх, шашин, шинжлэх ухаан, олон нийтийн айдас, төрийн эрх мэдэл хоорондоо мөргөлдөж байдаг. Түүхэнд нэр нь үлдсэн таван шүүх хурал яг ийм мөргөлдөөний бэлгэдэл болжээ.

1. Сократын шүүх

МЭӨ 399 оны хавар Афинд эртний дэлхийн хамгийн алдартай шүүх хурлуудын нэг болсон. 70 настай философич Сократыг “бурхдыг үл хүндэтгэсэн”, “залуусыг завхруулсан” гэж буруутгав. Тухайн үеийн Афины хуульд ийм заалт түгээмэл байжээ. Эхнийх нь нийтээр шүтдэг бурхдыг үгүйсгэх, шинэ шүтээн гаргаж ирэхийг хэлдэг байсан бол, хоёр дахь нь сургаалаараа ёс суртахууныг ганхуулж байна гэсэн утгатай.

Хурал ердөө нэг өдөр үргэлжилсэн. 30-аас дээш насны иргэдээс сугалаагаар сонгосон 501 тангарагтан оролцжээ. Шууд яллагч нь Мелет байсан бөгөөд түүнд цаазын ял хүссэн байна.

Сократ буруутгалыг няцааж, “өөрийгөө болон бусдыг шинжих” үүргийг өөрт нь бурхан өгсөн гэж хэлсэн гэдэг. Гэхдээ санал хураалтаар 280 хүн буруутай, 221 хүн буруугүй гэж үзэв.

Афины ёсоор яллагдагч өөр төрлийн шийтгэл санал болгох боломжтой байлаа. Ихэнх хүн цөллөг хүсэх байсан. Харин Сократ өөрийгөө гавьяатай иргэд хооллодог Пританейд үнэгүй хооллох эрхтэй гэж хэлсэн нь шүүгчдийг улам уурлуулжээ.

Түүнийг 30 хоног хорьсны дараа болиголов хэмээх хорт ургамлын хандыг ууж цаазалсан. Найзууд нь оргох боломж санал болгосон ч Сократ татгалзсан гэдэг. Платоны бичсэнээр тэр сүүлийн мөч хүртлээ сүнсний мөнхийн тухай ярьж байсан.

Сократын үхэл ганц хүний эмгэнэл биш байв. Ардчилал үнэхээр ямар байх ёстой вэ, олонхийн шийдвэр үргэлж зөв үү, үзэл бодлоо хэлсний төлөө хүн шийтгүүлж болох уу гэсэн асуултыг энэ хэрэг өнөө хүртэл үлдээсэн.

2. Жордано Бруногийн хэрэг

Италийн философич, хуучин лам Жордано Бруно орчлон ертөнц хязгааргүй, олон ертөнц байж болно гэж үздэг байв. Өнөөдөр энэ нь сонирхолтой философийн санаа мэт сонсогдож болох ч XVI зуунд ийм бодол Католик сүмийн сургаалтай шууд зөрчилдөж байлаа.

1592 онд Бруног Венецэд баривчилж, дараа нь Ромын инквизицид шилжүүлэв. Инквизици гэдэг нь шашны “гажууд үзэл”-ийг шалгаж, шийтгэдэг сүмийн шүүх юм. Бруно дараагийн найман жилийг шоронд өнгөрөөжээ.

Түүнийг Гурвалын сургаалыг үгүйсгэсэн, Есүсийг Бурханы Хүү биш харин “чадварлаг шидтэн” мэтээр тайлбарласан, мөн ухаант амьтадтай олон ертөнцийн тухай ярьсан гэж буруутгасан. Гэхдээ түүхч Майкл Уайтын тэмдэглэснээр Бруног цаазлах гол шалтгаан нь түүний шинжлэх ухааны санаа бус, харин сүмийн догмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан явдал байжээ.

1600 онд шүүх түүнийг амьдаар нь шатаах ял оноосон. Хэрэв үзлээсээ няцвал амийг нь өршөөнө гэж санал болгосон ч Бруно “юунаас няцах ёстойгоо ч мэдэхгүй байна” гэж хариулсан гэх домогтой.

Цаазын тогтоолыг уншихад тэр “Та нар надад ял оноож байгаагаасаа илүү айж байгаа байх” гэж хэлсэн гэдэг. 2 дугаар сарын 17-нд түүнийг Ромын Кампо-деи-Фьори талбайд багананд хүлж, галдан шатаажээ. Зарим эх сурвалжид цаазын өмнө үг хэлүүлэхгүйн тулд аманд нь бөглөөс хийсэн гэж дурддаг.

Хожим Бруно чөлөөт сэтгэлгээний бэлгэ тэмдэг болсон. 1889 онд цаазлагдсан газарт нь хөшөө босгосон. Харин 2000 онд Ватикан энэ цаазыг “гунигтай үйл явдал”, үхлийг нь “аймшигтай” гэж нэрлэсэн ч албан ёсоор цагаатгаагүй.

3. Галилейн шүүх

1633 он гэхэд Галилео Галилей Европ даяар нэрд гарсан эрдэмтэн байв. Түүний дурангаар Сарны уулс, Бархасбадийн дагуулууд, Нарны толбо ил болсон. Гэвч тэр “Ертөнцийн хоёр гол системийн тухай яриа” номоо хэвлүүлсний дараа асуудал эхэлжээ. Уг бүтээлдээ тэр Дэлхий ертөнцийн төвд байна гэсэн геоцентр үзлийг шоолсон байна.

Ватикан 1616 онд гаргасан хуучин заалтаа сануулсан. Тэр заалтаар Галилейд Коперникийн онолыг дэмжин хэлэлцэхийг хориглосон байв. Коперникийн онол гэдэг нь Дэлхий биш, харин Нар төвд оршино гэсэн санаа.

Инквизицийн шүүх дөрвөн сар үргэлжилсэн. 68 настай, бие муутай Галилейг гурван удаа байцааж, эрүүдэн шүүхээр сүрдүүлжээ.

Эцэст нь Галилей амьд үлдэхийн тулд үзлээсээ няцсанаа мэдэгдсэн. “Тэгсэн ч эргэдэг” гэж тэр шивнэсэн гэх алдарт үг XIX зууны үед гарсан домог гэж үздэг. Гэхдээ энэ домог шинжлэх ухаан ба шашны мөргөлдөөний мөн чанарыг тун оновчтой илэрхийлдэг.

Энд зөвхөн шинжлэх ухаан яригдаагүй. Тэр үеийн Ромын пап VIII Урбан анх Галилейд ээлтэй байсан. Гэвч “Яриа” номын геоцентр үзлийг хамгаалдаг Симпличио нэртэй дүр папын өөрийнх нь хэлдэг санаануудыг давтаж эхлэхэд Ватикан үүнийг хувийн доромжлол мэт хүлээн авчээ. Иймээс энэ хэрэг бол мэдлэгийн төдийгүй улс төрийн тэмцэл байсан.

4. Салемын “шулам”-ын шүүхүүд

1692 онд АНУ-ын Массачусетс мужийн пуритан Салем сууринд түүхэн дэх хамгийн алдартай шүүхийн хийрхлүүдийн нэг дэгдсэн. Бүх зүйл 9 настай Элизабет Пэррис, 11 настай Эбигейл Уильямс гэх хоёр охин хачин авирлаж эхэлснээс болсон. Тэд хашхирч, таталт өгч, үл үзэгдэх юманд хазуулж байна гэж гомдоллодог байжээ.

Орон нутгийн эмч шалтгаан олж чадаагүй тул үүнийг шуламсын ажил гэж мэдэгдэв. Ингээд айдас хормын дотор халдвар шиг тархсан. 200 гаруй хүнийг баривчилж, 19 хүнийг цаазалж, хэд хэдэн хүн шоронд нас баржээ.

Түүхчид энэ явдлыг янз бүрээр тайлбарладаг. Нэг онолоор бол охидын шинж тэмдэг хөх тарианд ургадаг спорынь гэдэг мөөгөнцрийн хордлоготой холбоотой байж магадгүй. Энэ нь хий юм харах, таталт өгөх зэрэг шинж үүсгэдэг.

Гэхдээ асуудал зөвхөн биологийн биш байв. Салемын нийгэм хатуу шаталсан, эрэгтэй давамгай бүтэцтэй байсан. Цаазлагдсан 19 хүний 14 нь эмэгтэй байжээ. Тэдний олонх нь уламжлалт дүрд багтдаггүй, бэлэвсэн, өв залгамжлагч, бие даасан зан ааштай, эсвэл муу нэртэй хүмүүс байсан.

Тэр үед шулам гэдэг нь сүнсээ чөтгөрт худалдсан, чөтгөрийн тусламжтай ид шид хийдэг, хүнээс амьтан болж хувирдаг, шөнөөр нууц цуглаанд нисэж очдог гэж итгэдэг байв.

Намар гэхэд хийрхэл намжиж эхэлсэн. Амбан захирагч Уильям Фипс шүүхийг тарааж, 1693 онд үлдсэн яллагдагсдыг өршөөжээ. Дараа нь Массачусетсийн эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрсөн. 1711 онд хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгох хууль баталж, шүүгч Сэмюэл Сьюолл 1697 онд олны өмнө гэмшлээ илэрхийлсэн байдаг.

5. “Сармагчны хэрэг”

1925 онд АНУ-д асар шуугиантай шүүх хурал болсон нь “Сармагчны хэрэг” нэрээр түүхэнд үлджээ. Тухайн үед шинжлэх ухааны үзэл баримтлалыг дэмжигчид болон Библийг үг үсгээр нь ойлгох ёстой гэж үздэг шашны фундаменталистууд ширүүн маргалдаж байсан үе.

Теннесси мужийн эрх баригчид улсын сургуулиудад хувьслын онол заахыг хориглосон хууль баталсан. Өөрөөр хэлбэл, хүний үүслийг Дарвины тайлбараар бус, Библийн бүтээлийн түүхээр заах ёстой гэсэн үг.

Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо энэ хуулийг сорьж үзэхээр шийдэж, сайн дурын “туршилтын хэрэг” хайжээ. Ингээд 24 настай багш Жон Скоупс сурагчдадаа Дарвины онолын талаар ярьснаа хүлээн зөвшөөрч, баривчлагдсан байна.

Шүүх хурал үндэсний хэмжээний сенсаци болов. Дейтон хотод хэдэн зуун сэтгүүлч цугларч, хэргийг радиогоор дамжуулжээ.

Скоупсыг алдарт өмгөөлөгч Кларенс Дарроу хамгаалсан. Тэр шинжлэх ухааныг тууштай дэмждэг, шашингүй үзэлтэй хүн байв. Харин нөгөө талд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Уильям Женнингс Брайан зогсов. Тэр Библийн үнэн дээр боловсрол тогтох ёстой гэж үздэг байлаа.

Хамгийн дуулиант мөч нь Дарроу Брайанаас “Хэрэв Адам, Ева хоёр анхны хүмүүс байсан юм бол Каин эхнэрээ хаанаас олсон юм бэ?” гэж асуухад болсон. Энэ асуулт Брайаныг эвгүй байдалд оруулж, танхимд инээд дэгдээжээ.

Эцэст нь шүүх Скоупсыг буруутай гэж үзэж, бэлгэдлийн чанартай 100 долларын торгууль ногдуулсан. Гэхдээ олон нийтийн санаа бодол шинжлэх ухааны талд эргэв. Формаль утгаараа хуулийг хамгаалагчид ялсан ч, бодит утгаараа энэ хэрэг хувьслын онолыг илүү өргөн түгээж, эсэргүүцлийг сулруулахад хүчтэй нөлөөлсөн юм.

Эдгээр таван хэрэг өөр өөр цаг үе, өөр өөр тивд болсон ч нэг нийтлэг зүйлтэй. Эрх мэдэл өөрийн үнэнээ тулгах үед шүүх танхим зөвхөн хууль ярьдаггүй. Тэнд нийгэм өөрөө хэн байх вэ гэдгээ шийддэг. Тиймээс түүхэн шүүх хурлуудыг өнгөрсөн үеийн сонин явдал гэж харах аргагүй. Тэд өнөөдөр ч бидэнд үнэний төлөө дуугарах ямар үнэтэй байдгийг сануулсаар байна.